Судсан дундуур минь ганцаардал урсхад
Сувдан хэлхээ хацар эсгэн бөмбөрнө
Сэрүүн шөнөөр навчис сэрчигнэн хийсхэд
Сэтгэл зүрх минь шанлалаар лугшигна.
Намарын модод шарлан бөхийжээ
Найраг шүлэн минь ч үүрэглэж орхиж
Нарны дулаан тусгал холдон холдсоор
Нэг насыг нэмэхдээ хоёрыг ухааруулжээ.
Гуталаа чирэн гундуухан алхах хөл доор минь
Гунигтайхан хөглөрнө шар навчис
Гишгэх тоолонд минь дуугарна шаржигнан
Гурав алхаад би... өвдөж байна уу гэж асуулаа
Өвдөлтөө? гэж тэр хариулаад
Үгүй дээ охин минь
Үнэндээ хорвоо гэдэг хуурамч юм
Үгүйлэн санах зүйл энд байхгүй
Үүрдийн мөнх зүйл гэж үгүй
Эрх мэдэл эд баялаг
Энхрий ялдам зан ааль
Эрүүл мэнд амь нас
Энгүй төгс царай төрх
Хуурамч бүгд хуурамч
Хэзээ нэгэн цагт бүгдийг чи ухаарна
Гэхдээ тэр чиний энэ хорвоод байх сүүлийн өдөр байх болно... гэж тэр хэллээ
Тийм байх учиргүй навч минь гэж би
Тэвдэн сандран хэллээ
Тийм байсансан бол би хүн болж төрөхгүй байсан юм
Тэмүүлэн тэмүүлэн ээждээ ирэхгүй байсан юм
Хайрлуулан бөөцийлүүлж өсөхгүй
Хайрлан дурлаж шанлахгүй байсан юм
Хүн бусдаас ялгарах нэг шалтгаан энэ юм навч минь
Хайр хайр бас хайр....
Үзэх ёстойгоо үзсэж туулах ёстойгоо туулсан хүн л
Хорогдох зүйлгүйгээр энэ хорвоог орхидог юм
Хэзээ нэгэн цагт чи ахин хэн нэгэнтэй ярилцвал
Хайр гэж юу вэ гэж асуугаарай...
Салхи хүчтэй салхилан навч дээш хөөрлөө
Сайхан ярилцлаа гэх шиг эргэлдэн эргэлдэн хийслээ.
No comments:
Post a Comment